ХҮРГЭЛТИЙН БААТАР - Э.БИЛГҮҮНТӨР

Mar 29, 2022

Сайн уу? Би 18 настай, 52-р сургуулийн сурагч. 2020 оны зун амралтаараа guide хийж хэлний мэдлэгээ сайжруулахыг хүсэж байсан болов ч ковидоос шалтгаалан боломжгүй болсон. Харин сошиалаас “дугуйтай хүргэлтийн ажилтан” авах зар олж хараад анх Ток Ток-д ярилцлагад орж байлаа. Багаасаа л дугуй унадаг байсан ба сүүлийн 3 жил өдөр тутамдаа дугуй унаж байна. Тиймээс энэ ажил маань их таалагдсан юм. Өвөл түр ажлаа завсарлаад урин дулаан цаг ирж буцаад ажиллаж байгаадаа баяртай байна. Би энэ жил ЭЕШ өгнө. Ток Ток-д ажилласан цалингаараа ЭЕШ-даа бэлдэх сургалтын төлбөрөө хийхээр төлөвлөсөн. Сайн бэлдэж өндөр оноо аваад амьдралынхаа дараагийн алхмаа хийж “Сэтгэл зүйч” болох мөрөөдөлтэй.
Дугуйтай хүргэлт хийх их амар шүү. Замын түгжрэлд гацна гэх асуудалгүй, бүтээгдэхүүнээ хурдан хүргэж өгч чаддаг. Хүргэлтийн ажил хийж эхэлснээсээ хойш нэг ч удаа хугацаанаасаа хоцроож үзээгүй. Энэ нь миний хувьд том амжилт. Бас дугуйтай хүргэлт хийж биеэ сайн хөгжүүлж байгаа нь надад давуу тал болдог. Гэртээ зүгээр л хэвтэж байснаас ажил хийгээд өдөр бүр олон хүнтэй харилцах сайхан байдаг. Хүмүүст сайхан хооллоорой, баярлалаа гэж хэлээд эргээд үйлчлүүлэгч нараас баярлалаа гэдэг үг сонсох маш гоё мэдрэмж. Би ер нь хүнтэй эелдэг боловсон харьцах дуртай, энэ чадвараа бага багаар илүү сайн хөгжүүлж байгаа. Мөн хамт олны маань уур амьсгал үнэхээр халуун дулаан. Мэдэхгүй зүйлсээ удирдлагуудаасаа зөвлөгөө авч ярилцахад хэрэгтэй бүхнээсээ надад харамгүй зааж зөвлөдөгт нь талархдаг. Түүнчлэн цагийн хуваарь маань уян хатан учраас өөрөө ажил, амьдралаа зөв төлөвлөж сурсан. Би Ток Ток-д ажиллаад хөдөлмөрийн амт шимийг мэдэрч, завгүй байж сурлаа, хувийн зохион байгуулалттай сайтай боллоо, санхүүгийн хувьд бие даасан болж үзлээ. Ер нь залуу хүн ажил голохгүйгээр нөхцөл байдалдаа тааруулж хөдөлмөрлөх ёстой гэдгийг ойлгосон. Том жижиг гэхгүй бүх зүйлд сурах мэдэх, өөрийгөө хөгжүүлэх боломж байдаг юм байна.
Хүргэлтийн ажилтан Э. Билгүүнтөр